Мөнх ногоон гацуураа засаад мөрөөдөн хvлээсэн шинэ оноо угтая. Та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэе.
Monday, November 25, 2013
С.Эрдэнийн Наран тогоруу өгүүллэг
С.Эрдэнийн өгүүллэг: Наран тогоруу
Миний бие зуны оройн нартай салах ёс гүйцэтгэн сүмийн хуучин туурины дэргэдэх ус нь ширгэсэн худгийн хашлага дээр сууж байлаа. Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор гайхмаар их үйл явдал болжээ. Сүм байсан. Сүм үгүй болов.
Би нутгийнхаа нартай салах ёс гүйцэтгэж байгаа учир шингэтэл нь энд сууна. Оройн саалины цаг. Айл айлын үнээний хороонд тавьсан майн утаа найман сарын нов ногоон нуга тал дээгүүр алгуурхнаа суунаглан мөлхөнө. Тэрүүхэн урдах ганц модны булгийн ойролцоо сүрэг улаан тогоруу бэлчин явна. Оройн наранд ийнхүү улайран харагднам бөгөөд дэгдээхэй тогоруунууд хүчийг сорих гэсэн мэт жигүүрээ дэлгэж явгалан гүйнэ. Тэр тогоруунууд алс холоос ирдгийг мэдэх боловч “Миний нутгийн тогоруунууд баяртай” гэж дотроо би өгүүлнэм.
Дэлэнгээ хөнгөлсөн үнээнүүд майн утаан дундуур толгойгоо сэжлэн олон зуны турш гаргасан цувцаараа бэлчээр тийш явна. Баруун хотын тэндээс нэгэн том улаан бух гарч ирээд хааяа шороо цацлан хүлээж “надтай цанхаагаа гаргах бух байна уу” гэх шиг урамдан бүрхэрнэ. Наран сөрөг нилдээ агь ургасан зуслан дэнж мөнгөн сортой харагдана. Хүүхдүуд хонио ялган шуугилдаж, тэртээ зүүн үзүүрийн айлын гадаа цагаан морьтой согтуу хүн улаан юүдэнгээрээ даллан хашгирна. Тэр Тэхийн Палхай лам мөн.Тэх гэдэг нэртэй хүн байг яах вэ. Харин Палхай гэдэг маань юу гэсэн үг вэ? Багад нь муу амьтан болно гэж ёрлож өгсөн нэр шиг. Тэр Палхай манай нутагт үлдсэн цөөхөн эрчүүдийн нэг бөгөөд цаг үргэлж архи ууж авгай хүүхэд түйвээж явна. Өрөөсөн гар нь татанхай учир цэргээс гологдсон гэдэг. Палхайн орь дуунаас үргэх мэт нөгөө улаан тогоруунууд нисэж майн утаан дээгүүр эргэлдээд ганц модны булгийн тэнд дахин буув.
Labels:
өгүүллэг
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment