Мөнх ногоон гацуураа засаад мөрөөдөн хvлээсэн шинэ оноо угтая. Та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэе.
Monday, November 25, 2013
С.Эрдэнийн өшөө хорсол өгүүллэг
С.Эрдэнийн өгүүллэг: Өшөө хорсол
Би тэр нэгэн удаа Бороохой Ядамаас Сэмжид эмгэний өшөөг авч билээ. Ядам гэгч мөрийтэй тоглоомоор сүрхий баяжсан омогтой бөгөөд
мэхтэй эр байлаа. Нас дөч гарч яваа боловч эхнэр байхгүй. Баахан адуу малаа гол голын айл амьтанд хөл хөлөөр нь ацаглаж харуулаад, өөрөө хэдэн сайн морио сэлж, архи, авгай эргүүлж цагийг нөхцөөнө. Хөлчүүрхэхээрээ ихээхэн муухай ааштай. Эрхий хуруугаа шүлхий хэлээрээ долоож өврөөсөө алтан захтай хуучны хөзөр гаргаж ирээд хэд гялалзтал шодонгуут нүцгэн цээжтэй гил харын хатанг ялгаж шившээд нүүр рүү нь нулимна. Дариганга хийцийн том мөнгөн хутгаа ар өвөртөө гаргаж, хэтрээд ирвэл бороохой шийдэм барьж авгай хүүхнүүдийг хүртэл ална тална гэж түйвээнэ. Түүнээс бороохой Ядам гэдэг хочтой. Баруун гарын нь долоовор, дунд хуруу мухар учир цэрэгт тэнцдэггүй. Авгай нар түүнийг хуруугаа зориуд тас цавчиж хаясан юм гэж сэм шогшролдоно.
Сэмжид эмгэн бол хүүхдээсээ өнчирч үлдсэн ядуухан хөөрхий байлаа. Уг нь хүү охин хоёртой юмсан. Хүү нь 1939 онд цэрэгт дайчлагдсан тул охинтойгоо хоёулхнаа амьдарч байсан юм. Охин нь дөнгөж хорь хүрч байгаа царайлаг хөөрхөн амьтан боловч багаасаа архаг өвчтэй тул бие их л сул дорой. Тэр жил бороохой Ядам гэргий болгон авч хэд хонуулаад буцаасан байв.
1939 оны намар дайн дууссаны дараа манай нутгийн хөвгүүд цэргээс халагдаж ирэв. Миний ах ч ирлээ. Орос хром гуталтай, цэнхэр чисчүү дээлтэй, хар эсгий малгайтай бөгөөд Халх голын байлдааны тэмдэг зүүж сахлаа тавьчихсан лут амьтан буцаж ирсэн юм. Харин Сэмжид эмгэний хүү харьж ирсэнгүй. Ахын ирсэн өдөр Сэмжид авгай манайд орж ирээд юу ч гэж хэлэхээ мэдэхгүй багтарч балмагдаж суугаа ахын өмнө сөхөрч унаад амьсгаа авч чадахгүй эхэр татан уйлж буурал толгойгоороо газар мөргөж хоёр шанаагаа улаан нэлий болтол урж билээ. Бул хар чулуу ч бол салхи бороонд элэгдэхтэй адил хүний зовлон цагийн эрхэнд элэгдэнэ. Гэтэл өвөл нь Сэмжид хөгшний газар дээрх ганц охин нь төрөхөөс уламлан нас барав. Авгай нар бороохой Ядамаас олсон хүүхэд нь аллаа, ай хөөрхий гэлцэнэ.Тулгын гурван чулууны хоёр нь ингээд булга үсэрдэг байжээ
Labels:
өгүүллэг
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment