Мөнх ногоон гацуураа засаад мөрөөдөн хvлээсэн шинэ оноо угтая. Та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэе.
Monday, November 25, 2013
С.Эрдэнийн Өвгөн шувуу
С.Эрдэнийн өгүүллэг: Өвгөн шувуу
Жав гуай, нар ханын толгойд тусаж байхад нүдээ нээлээ. Зовхи нь хөх няц болон хавагнаж ухархайдаа хонхойн ширгэсэн гэрэлгүй нүдээр гэрийн доторхыг тойруулан харах гэж хүндэрсэн толгойгоо арайхийн эргүүлэв. Яс арьс болсон гараараа орны хөлөөс уясан татуурганаас чангааж байж биеэ хагас эргүүлээд явган ширээн дээрх шаазантай цийдмээр амаа дэвтээв. Өглөө болгон “Одоо ингээд зовлон дуусах цаг ирээгүй юу” гэж горьдох боловч өдөр хоног өнгөрсөөр л байна. “Би ер нь долоон голтой амьтан юмаа” гэж хүнд ярина. Үхэхийн тухай бодож яваагүй боловч үхэхээс нэг их айхгүй хүн байж. Үүнийгээ ойлгохдоо санаа амарсан бөгөөд элдэв зовлон гаслан болж гиншигнэлгүй зоригтой тайвнаар үхлээ хүлээж байна. Сэтгэлээр машид хатуужин чадахад биеийн шаналал хүртэл намдаад явчихна. “Ийм сайхан өдөр байтал үүдээ битүүлээд гардаг нь юу вэ?” гэж эхнэртээ уур хүрмээр аядсанаа “Жав чи бүү бухимдаад бай” гэж өөртөө тушаав. Тэгээд өвчинд нэрвэгдсэн биеийн ой гутам нялуун үнэрийг дарах гэж хажуудаа арц уугиулаад юм бодов. Гадаа болжмор жиргэж алст адуу янцгаахад өөрийн эрхгүй сүүрс алдав. Хөгшнийхөө үнээ сааж байгааг сонсоод гар хуруу нь цуцдаг болж дээ гэж өрөвдөнө. Эхлээд үнээний хөхийг жигд шувтран шаагитал сааж байснаа төдхөн гар нь цуцаж шор шор хийлгээд нэг хэсэг амарна. “Хөөрхий дээ. Хүүгийнхээ цэргээс халагдаж иртэл ганцаараа байх болох нь” гэж Жав гуай бодов. Хүүгийнхээ иртэл тэсээд байя гэж бодож байсан боловч дахиад хагас жил тэсэх ямар ч ид шид байхгүй гэдгийг мэдсэнээс хойш хөгшнөө зовоолгүй эртхэн шиг талийж одох юмсан гэж бодох болжээ. Санаагаараа ч гэсэн үхлийг ойртуулж болох мэт бодогдоно.
Labels:
өгүүллэг
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment