Monday, November 25, 2013

Ч.Лодойдамба Гэрээслэл

Ч. Лодойдамба. Гэрээслэл (Өгүүллэг) Label: Ч.Лодойдамба Өнгөрсөн зун би Архангай аймагт байдаг авга ахындаа амарч билээ. Тэдний айлыг Юндэнгийнх гэдэг. Манай ахынхтай нийлж нэгдлийн мянга шахам хонь хариулдаг байлаа. Юндэнгийнх уул нь манай нутгийнх биш. Хожим намайг сургуулийн мөр хөөж гарснаас хойш цагаачлан иржээ. Хүүхдүүд нь тус бүр айл болоод өөр нутагт байдаг ба эх нь Ханд гэгч ная гаруй настай эмгэн хамт амьдардаг байв. Ханд гуай шиг өндөр настай эмгэд олон үгтэй, ярианд дуртай байдаг. Ялангуяа хуучны юм залуугийн явдлыг нь асуувал цэцэглэж явсан ид сайхан насаа бодож сэтгэл санаа нь сэргэн яриа нь төгсгөлгүй болдог шүү дээ. Харин Ханд гуай бол тийм биш ажээ. Амарч байхдаа ганц өгүүллэгийн материал олж авъя гэж бодоод Ханд гуайтай хэд дахин ярих гэж оролдоод чадсангүй. Энэ тухайгаа Юндэн гуайд гомдон хэлэхэд «Манай ээж урьдах явдлаа ярих тун дургүй. Би хүү нь гэхэд уг нутаг гарал үүслийг нь мэдэхгүй. Эцэг минь ямар хүн байсныг ч ярьж өгөөгүй. Тэгээд би чинь Хандын Юндэн гэж эхээрээ овоглодог хүн шүү дээ гэжээ. Ханд гуайгаас юм сонсох хүсэл надад их байлаа. Энэ эмгэний түмэн үрчлээс болсон гонзгой бор нүүр, илч гал нь бараг алга болсон цийлэм нүдний цаана урт удаан амьдралын сонин хачин юм нуугдаж байгаа нь тодорхой. Энэ том цоожтой хаалганы цаана мөн ч их юм буй даа. Гэвч нээх арга нь даанч олдохгүй болохоор яая гэх билээ дээ. Амралт минь дуусч явахаар бэлтгэж байтал Ханд авгай орж ирээд бэргэний хийж барьсан цайг ууж хэсэг дуугүй сууснаа: -- Хүү минь чамайг юм бичдэг гэлцэх юм. Yнэн үү? Гэж асуув. -Тийм ээ. Би зохиолч хүн бас сонины газар ажилтай гээд л өөрийнхөө тухай товч ярьж өглөө. Ханд гуайн асуултыг сонсоод над сонин юм сонсох үлэмж горьдлого буй болсон билээ. Гэтэл дуугардаггүй. Доош харан цай ууж дууссан шаазангийнхаа хээг үзэж байлаа. Энэ үед түүний нүүр харагдсангүй. Гэвч тэр хээг анхааран сонирхож байгаа биш гэдгийг би мэдэж байв. Учир нь дотоод сэтгэлийн гүн бодолд дарагдаад сууж байгаа хүний нүүр нүд далд байвч судас амьсгаа дотор нь болж байгаа их зүйлийг илтгэх ёс бий. Ханд гуайн судас нь гүрвэлзэн, чичирч, хааяа хааяа дотроо гүн санаа алдаж байлаа. Тэгээд над руу үлэмж зөөлөн нүдээр харснаа «Хүү минь манайд ор. Эмээ нь цай чанасан юмсан» гээд босов. Би түргэн босож гэрт нь орлоо. Бүр олбог засжээ. Суумагц аагтай давстай, тос даасан шаргал цай өгч, хуруу зузаан өрөм, бэлцийсэн цагаан ааруул өмнө минь тавив. Идэж ууж байтал эмээ над руу ширтэн хэсэг ажсанаа урт гэгч нь санаа алдаад «Эмээ нь хүүдээ нэг юм яривал чи олон хүнд хэлж өгч чадах уу? Yнэн зөвөөр нь бичээд л сониндоо хэвлүүлж болохсон болов уу гэж байгаа юм шүү дээ» гэлээ. -Чадалгүй яахав, эмээ минь. Энэ чинь миний хийдэг ажил. -Эмээ нь нас өндөр болж удахгүй энэ хорвоогоос салан, эсгий гэрээс гарч хээрийн гэртээ очих цаг ойртлоо. Залуу хүмүүст хэлмээр юм байна. Би арван найман настай байхдаа сэтгэлдээ хүнд шарх олсон юм. Тэр шарх эдгэрээгүй. Эдгэрэх ч үгүй гээд дуу нь тасарч доош харахад хэд хэдэн том нулимс тасран унав. Би гайхан харсаар л Ханд гуай алгуураар толгойгоо өргөж намайг эргэж харлаа. Усан хөшиг татсан нүд нь чичирч байгаа уруулд мухардсан гэмшил дүүрэн. Дотно хайрт хүнээ нас барахад нь очиж чадаагүй хүн «Амьсгал нь тасрахад байж чадсангүй ээ. Халаг» гээд толгойгоо нүдэх гэж байгаа хүнийг харсан бол Ханд гуай яг л тийм байлаа. Хаанд гуай гарынхаа араар нулимсаа арчиж сэтгэл нь шулуудсан бололтой займчин суудлаа зассанаа зэвхий бөгөөд шийдэмгий дуугаар «Би залуудаа нутаг хошуундаа гайхагдсан сайхан хүн байсан юмсан. Чи ч үнэмшихгүй байх даа. Гэвч тийм л байсан» гээд арга нь барагдсан нүдээр намайг харлаа. Yнэндээ ч өмнө минь сууж байгаа эмгэн олонд гайхагдсан сайхан хүүхэн байсан гэхэд үнэмших юм тун ховор бөгөөд гагцхүү жар гаруй жилийн өмнөхөө ярьж байгаа шүү дээ гэж ухаан санаандаа бодож сэтгэлээ хүчлэн үнэмшүүлэхийг хичээж байлаа. Эмээгийн нүдэнд сэтгэлийн гүний баярын оч гялсхийж өчүүхэн мишээл жавьжинд нь тодрох мэт «Манайх үргэлж л Жамбал гэдэг айлтай хамт байдаг байлаа. Тэдний ганц хүү Юндэн бол надаас гурав ах. Бид хоёр хар бага наснаасаа хамт тоглож өсөөд намайг арван зургаан нас хүрэхэд Юндэнгийн зан нэг л биш болоод хувирав. Тэр яавал л надад сайн юм хийх хүсэлтэй. Миний юу л хэлснээс зөрдөггүй болов. Хүн өнгөрсөн юмыг эргэцүүлэн бодоход тэр үед огт ажиглагдаагүй юм тодрон учир нь олдоогүй юмын учир олддог шүү дээ. Ялангуяа сэтгэлд гүн үлдсэн юмыг эргэцүүлэн бодоход харамсах, баясах зүйл мөн ч их гардаг ажээ. Юндэнгийн зан мөн ч өөр болж билээ. Юндэнгийн алхам бүр, хөдлөх бүрээс над хязгааргүй сэтгэлтэй нь илэрхий байж л дээ. Заяагүй хүний хөлд нь ембүү тавихад дээгүүр нь сохор хүн болж нүдээ аниад гарсан гэдэг. Би Юндэнгийн тэр сайхан сэтгэлийг олж харахгүй байлаа. Түүнийг багаасаа тоглож өссөн сайн нөхөр минь гэж бодохоос түүнд хайр сэтгэл надад байсангүй. Намайг хүсэж мөрөөдсөн улс ёстой л захаас аваад байдаг байв даа. Гаднаас харвал Юндэнд гойд юмгүй. Ялангуяа олон хүний нүд булаасан залуугийн цагт бол шохоорхож хармаар юм түүнд байгаагүй. Жижигхэн биетэй, хонин бор нүдтэй гонзгой царайтай. Эцэг нь багад нь миний өөдөс гэж өхөөрдөн нэрлэснээс аав ээж нь Өөдөс гэж дуудна. Харин сүүлдээ Юндэн уцаарлаж байгаад болиулсан юмсан. Миний дэргэд Өөдөс гэж хэлүүлэх тун дургүй сэн. Гэвч дотор нь уу, ёстой л хүн байсан юм сан. Хүний сайхан дотроо нууц байдаг болохоор олж харахад тун хэцүү. Амьдралын эгзэг таниагүй залуугийн цагт бол бүр ч хэцүү. Хүүхэнтэй айлд хүн цугладаг. . -

No comments:

Post a Comment